1 min read
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УУЛ УУРХАЙН ГАЗАР АШИГЛАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХ, ЗӨРЧИЛТЭЙ НЭГЖ ТАЛБАРЫН СУДАЛГАА ГАРГАХ, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн захиалгаар тус ажлыг 2024 онд хийж гүйцэтгэв.

Энэхүү ажил нь өндөр нарийвчлалийн сансрын зургийн худалдан авалтыг хийж Уул уурхайн газар ашиглалтын хил зааг хэмжээ, байршлыг тодорхойлж зураглан, Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлтэй уул уурхайн ашиглалтын нэгж талбартай давхцуулан зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах ба цаашид Уул уурхайн газар ашиглалтын зөрчлийг тогтмол хянах боломжтой гар утасны аппликейшн хөгжүүлэх үндсэн зорилготой.

  • Уурхайн газар ашиглалтыг тодорхойлох шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлсэн

 Уурхайн газар ашиглалтыг тодорхойлох шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх ажлын хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай, Газрын нэгдмэл сангийн зураг, Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, Барилга, Нэгж талбар, Засаг захиргааны нэгжийн хилийн зураг, 1:200000 масштаб бүхий байр зүйн зураг, 10-30 м нарийвчлалтай хиймэл дагуулын зураг гэсэн тоон мэдээллүүдийг бэлтгэсэн. 

  • Уурхайн газар ашиглалтын нийт талбайг тодорхойлсон

Уурхайн газар ашиглалтын нийт талбайг тодорхойлох ажлын хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумаас 13 сумдыг хамруулан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 128 талбай, нийт 489,423.78 га бүхий нутаг дэвсгэрийг хамарч байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцуулж үзэхэд нийт 15 сумаас 13 сумдад 936 нэгж талбар давхцалтай байгаа бөгөөд энэ нь 157,089.85 га талбайг хамарч байна. 10-30 м нарийвчлалтай сансрын зураг ашиглан нийт 27 уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байршлыг илрүүлэн зураглахад 48 талбай байгаа бөгөөд 22,500.44 га талбайг хамарч байна.

  • Уурхайн газар ашиглалтын талбайд 5м болон 0.5м нарийвчлалтай сансрын зураг худалдан авсан.

Уурхайн газар ашиглалтын талбайг хамруулан дараах 2 төрлөөр БНХАУ-ын  Jilin хиймэл дагуулын 2024 оны 5-7 сарын  мэдээг худалдан авсан. Үүнд:

  • 5-10 м нарийвчлалтай сансрын зургийн хувьд 0.5 м нарийвчлалтай зураг худалдан авахын өмнөх уурхайн газар ашиглалтын байршил, талбайн хэмжээг тогтооход ашигласан. Нийт 10 сумын нутаг дэвсгэрт 13 байршилд 1,039,221 га талбайг хамруулан 5-10 м нарийвчлалтай сансрын зургийг худалдан авсан.

  • 0.5 м нарийвчлалтай сансрын зургийг захиалагчтай тохиролцсоны дагуу Нийт 10 сумын нутаг дэвсгэрт 21 байршил, 47 тусгай зөвшөөрлийн талбайд 80,093 га талбайг хамруулан 0.5 м нарийвчлалтай сансрын зургийг худалдан авсан.


  • Сансрын зурагт суурилан уурхайн газар ашиглалтын тооллого хийж, гүйцэтгэсэн.

 Тооллогын ажлыг ГЗБГЗЗЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/165 дугаар тушаалаар батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ыг ашиглан 0.5 м нарийвчлалтай хиймэл дагуулын зургийг ашиглан 0.5 м-ийн орон зайн нарийвчлалтайгаар сансарын зургийн анализ/сургалттай ангилал/ хийх арга зүйгээр хийсэн бөгөөд үр дүнг нэг бүрчлэн шалгаж, засварласан. Тооллогын үр дүнг дараах 4 төрлөөр ангилж зурагласан. Үүнд: 

  • Ашиглалт олборлолт явуулж буй газрыг зураглах /2601/
  • Уурхайн барилга байгууламжийн дэвсгэр газар зураглах /2602/
  • Сайжруулсан шороон зам зураглах /3204/

Тооллогын үр дүнгээр нийт 11 сумын 27 уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байршилд 458 талбай байгаа бөгөөд 20,200.61 га талбайг хамарч байна. 

  • Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжит газрын төлбөрийн орлогын судалгаа
  • Газрын төлбөрийн тухай хууль болон ГЗБГЗЗЕГ-ын даргын 2022 оны А/209 дүгээр тушаалаар “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг баталсан зааврын дагуу газрын төлбөрийн орлогын тооцооллыг хийлээ. Энэхүү аргачлалын дагуу тооцож үзэхэд Өмнөговь аймгийн 13 сумын хэмжээнд 21.4 тэрбум төгрөгийн газрын төлбөрийн орлого орох  боломжтой байна. Гэсэн хэдий ч нийт боломжит орлогын 20.7 тэрбум төгрөг нь Уурхайн нөөц газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлснээр орох ба энэхүү ангиллын газрыг бүртгэх, баталгаажуулах талаар холбогдох дээд шатны байгууллагуудаас чиглэл авсны үндсэн дээр хийх нь зүйтэй юм.
  • Газар ашиглалтын зөрчлийг сансрын зураг ашиглан тогтмол хянах боломжтой систем хөгжүүлсэн

Энэ ажлын хүрээнд уурхайн газар ашиглалттай холбоотой 13 давхарга тоон мэдээллийг бүрдүүлж, өгөгдлийн санг PostgresSQL программ хангамжийн орчинд  орон зайн мэдээллийн сан үүсгэх стандартын дагуу үүсгэж, зохион байгууллаа. Эдгээр мэдээллийг Geoserver-т байршуулан гар утасны аппликейшн болон веб хуудсанд харуулж байна.