“Газрын харилцааны талаарх бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах” цахим машиныг улсын хэмжээнд анх удаа нэвтрүүлж эхэлсэн бол өнөөдөр манай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд цахим машиныг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг нээлтэд УБ хотоос ирсэн "Эрхэт иноватци" ХХК-ны захирал Б.Галмандах, Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Өлгий сумын орлогч дарга Х.Нурболат, ГХБХБГ-ын дарга К.Болат, ГУХ-ын дарга Ж.Естай, БХБХ-ийн дарга Х.Асхар тус байгууллагын мэргэжилтнүүд болон төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэд оролцлоо. "Эрхэт иноватци" ХХК-ны захирал Б.Галмандах цахим машиныг хүлээлгэж өгч, цахим машинаар төрийн үйлчилгээ авах хүсэлтэй нэг иргэнийг сонгон төрийн үйлчилгээг үзүүлж, хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өглөө. Өмнө нь иргэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ,кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт, газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл зэрэг төрийн үйлчилгээг авахад 6-10 гарын үсэг зурагдаж дээрх бичиг баримт олгогддог байсан бол цахим машиныг нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээд нийт "9 төрлийн үйлчилгээ"-г нэг дороос 1 минутын дотор авах боломжтой боллоо. Ингэснээр интернэт ашиглах боломжгүй байгаа орон нутгийн иргэд QR кодоор баталгаажсан газрын гэрчилгээ кадастрын зураг хянан баталгааны дүгнэлт болон бусад баримт бичгийг үнэ төлбөргүй хэвлэн авах боломж бүрдэж байна.Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, очер дараалал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм.